Mongolian Women's Association in America inc.

Your Subtitle text

Ёс заншил

САР ШИНИЙН ИДЭЭ ЗООГ ТАВИХ ЁСОН

Ууц чанах

Урьдаар асуух нурууны хамар ясны хоёр талыг дагасан бүлхийг хөндлөн тасалж чанавал ууц татаж хотойдоггүй. Мөн сүүлийн үед нугасны нүхээр бүдүүн төмөр утас сүвлэж чанах болжээ. Том ууцыг тогоонд чанахад багтахгүй, чаналтыг сайн тааруулахгүй бол шалз чанагдах, тогоонд хүрсэн хэсэг нь хайрагдах зэрэг бэрхшээл гардаг. Иймд бүрхээг буюу модон торхоор чанах арга бий. Ингэхдээ тогоондоо бараг дүүртэл ус хийгээд бүрхээрээ тавина. Тэгээд ууцаа усанд лавхан дүрээд харцага нуруу талаар нь бүрхээрийн аманд дүүжлэн бэхэлж битүү чанана. Ингэхэд жигнэх чанах хосолж, хайрагдах хавчигдах бэрхшээлгүй болно. Чаналтыг 30 минут орчим үргэлжлүүлэхэд жигд сайхан болно. Чанасан маханд наалдсан нитгэл үс хялгас зэргийг хусаж түүж цэвэрлэхэд тийм ч амаргүй. Иймд шингэвтэр зуурсан гурил дээгүүр өнхрүүлж наалдуулж авах нь хамгийн хялбар арга юм.

Ууц тавих ёс

Монголчуудын бүхэл махан зоогийг зум, их бүхэл, бага бүхэл хэмээн гурав хувааж болно. Орчин үед Монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс, шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна. Дайллагын ширээнд махыг тавихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина.

Бүхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж урд доор нь хүзүү, сээр, хоёр хааг нь, хойт доор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан мөчнүүдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан, дээрээс нь ууцаараа бүтээж, хамгийн дээр нь толгойгоо тавьдаг. Махны эх талыг зочин тийш харуулж засна. Махны эх тал гэдэг нь малын хэвтээ ясны толгой тал руу чиглэсэн үзүүр, босоо ясны газар руу хандсан талыг хэлж байгаа юм.

Зочин толгой талаас нь барьж хажуулдан огтолж идэх ёстой. Битүүний орой гэрийн эзэн есөн хөндлөнг /толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал/ хөндөж галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд гэрт байгаа хүмүүстээ тарааж өгнө. Ууцыг зайхдаа зүүн гараа сүвэрдгэн талаас нь барьж, баруун гараараа уг талын намилхайг зүсэж баруун талд нь буулгаж тавина. Ууцыг зөвхөн гэрийн эзэн буюу хүндэт зочин эрэгтэй хүн зайдаг уламжлалтай. Ууц махыг зөвхөн цагаан сараар ч бус, ямар нэгэн хүндэт зочныг дайлдаг хүндэтгэлийн зоог болно.

Ууц мах нь дотроо их ёсны ууц, бага ууц гэж ялгавартайгаар засагддаг. Зочноо дайлахдаа дан ууц тавьдаггүй. Ерөөс ганц мах хүнд өгдөггүй. Иймээс ууцан дээр дөрвөн өндөр хавиргыг зүсэж, өөд өөдөөс нь харуулж намилхай дээр нь тавих ба ууцныхаа баруун дор дал /хүзүү тавьж болно/ нөгөө талд нь сээр, хонт шаант зэргийг дагуулан ёс ёсоор нь тавьдаг.

Ингэж зассан ууцыг бага ууц хэмээн нэрийднэ. Харин үүн дээр хамар, чихний дээд угийг шар тосоор чимсэн битүү толгойг нэг шийрийн хамтаар  нэмж тавьсныг их ёсны ууц гэнэ. Толгой шийрийг хүнд өгөх ёсны дагуу тавих бөгөөд ууцныхаа зүүн гар талд нь толгойг, нөгөө талд нь шийрийг тавина. Ийнхүү тавьсан ууц бүтэн шүүсийг орлодог бөгөөд дээдлэн үзсэн онцгой хүндэтгэл бүхий зочиндоо зориулна. Дэд хүндэтгэлд өвчүү орох боловч тэр болгон хүнд тавьдаггүй. Хэрвээ хүндэтгэвэл зохих эмэгтэй хүн ирвэл өвчүүгээр дайлах ёстой. Өвчүүг дагуулж цорой гургалдай, бугалга, богтос зэргийг тавьдаг уламжлалтай.

Их идээг засахдаа ул боовыг тав, долоо, есөн үеэр өрнө. Сондгой тоогоор өрдөгийн учир нь жаргалаар эхлээд жаргалаар төгсөх учиртайг бэлгэдэж байгаа. Хаан төрийн их ёслол, хурим найрын тавгийн идээг есөн үеэр засдаг байжээ. Иймээс шинийн нэгний тавгийг айл болгон есөн үеэр өрөхийг цээрлэдэг. Учир нь есөн үеэр тавшийн боовоо өрсөн хүнийг өөрийгөө өргөмжилж тэнгэрт тэрслэв гэж үздэг байна. Харин долоон үеэр нэгэн ургийн хамгийн өндөр настай ахмад нь өрдөг. Есийн тоо тэнгэрийн утгыг илэрхийлдэг бол долоогийн тоо нь газрын товчоог илтгэдэг аж. Иймд өвөг нь долоо, эцгийнх нь тав, хүүгийнх нь гурван үеэр их идээний боов өрөх эрэмбэ дараатай байдаг.

Монгол айл цагаан сараар заавал ууц тавих албагүй. Мах шүүсэн зоогийг ёс ёслолын эрэмбээр нь зум, их бүхэл, дунд бүхэл, бага бүхэл гэж дөрөв ангилна. Сүүлийн гурвыг нийтэд нь гурван бүхэл гэх нь бий. Монголчуудын эрхэм хүндэт зоог шүүсний дотор хонин зум бол эрт дээр цагаас тэнгэр газрын тайлга тахилга, төр ёсны их найранд хэрэглэж ирсэн байна. Зум гэдэг нь бидний одоогийн нэрлэж заншсанаар боодог юм. Харин бүхэл гэдэг нь хонины таван түрүү махнаас тэвхэн ууц, өвчүү, толгой, дал дөрвөн өндөр, богино хавирга, шилт сээр зэргийг багтаасан ууц юм.

Эдгээрээс гадна ирсэн гийчнийг дайлахад хамгийн хурдан болдог хоол бол банш юм. Иймээс хүмүүс баншийг ихээр хийнэ. Чимхэхдээ хуучин цагт алт мөнгийг хадгалдаг ембүү хэлбэртэй хийдэг нв элбэг баян орших бэлгэ дэмбэрэлтэй гэдэг. Цагаан сарын шинийн нэгний эрхэм зоог нь цагаалга буюу сүү, шар, цагаан тос, аарц зэрэгтэй чанаж амталсан амуу будаа тариатай хоол байсан бөгөөд идэж ёслох уламжлал ч их онцлогтой байв. Хот айлынхаа золгож шинэлэх ахмад айлдаа цай, цагаалга, тавагтай идээтэй орцгоож, айл айлаас ирсэн цай идээнээс дээжлэн авч шинээр цай, идээ бэлтгэхийн зэрэгцээ цагаалгыг бүгдийг нэгэн тогоонд хийж, ёслол хүндэтгэлийнхээ хоолыг гал дээр тавьдаг. Үүний дараа сая золгож шинэлэх ба улмаар сар шинийн цай цагаалга эхэлж, ахмад настай хүнээс дараалан цагаалганаас аягалж барих бөгөөд хүн бүр гурван удаа эсвэл долоон удаа идэхийг сайн хэмээн бэлэгшээж, эхний хийж өгсөн аягатай цагаалган дээр бага багаар тоо гүйцээн нэмж иддэг заншилтай. Сар шинээс хойш цагаалгыг олон хоног зооглон ёсолбол элбэг баян байхын тэмдэг хэмээн бэлэгшээдэг. Мэндлэх, хүндлэх, зочлох, бие биенээ уучлан сэтгэлээ цайлгах, цэвэр цэмцгэрийг эрхэмлэх, аж ахуйгаа цэгцлэх, эрэмбэ дарааллыг баримтлах гэхчлэн олон сайхан ёс жудаг энэ л баярт шингэсэн байдаг.

Сар шинийн идээ будааг хэзээ, хэрхэн хураадаг вэ

Шинийн дөрөвний өдөр сар шинэ хуучирсанд тооцож идээ шүүсээ хураадаг. Ингэхдээ идээг багасгаж засдаг. Мөн хэсэглэдэг бөгөөд хэрэв тухайн өрхөөс хол газар явсан хүн байвал түүнд хувь тавьдаг уламжлалтай. Ингэхдээ бууз банш, хэвийн боов, чихэр жимс гээд тавгийн идээ будаанд орсон бүхий л зүйлсээс авдаг. Мөн сархад болон ундааны зүйлсээс ч хувь хүртээдэг байна.

Монгол гоёл

 

                              Монгол гоёл н/ ахуй хэрэглээний эдлэлээ үнэт эрдэнээр бүтээж уламжлалт угалз хээ чимгээр баяжуулан өдөр тутамдаа хэрэглэдэг өвөрмөц онцлогтой юм.

Монгол эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл н/ олон төрөлтэй, алт, мөнгө үнэт чулуугаар урладаг нандин чамин хийцтэй. 17-19р зууны Монгол эхнэрүүдүүн толгойн боолт хавчаар чимэглэл туйлын өвөрмөц хийгээд Гар/д Домогт өгүүлдэг шувуу ын далавчтай адилхан хэлбэрээр гэзгээ зассан домогтой. Толгойн боолтын оройвч н/ дундад эртний Монгол хатдын богтаг малгайн уламжлалыг хадгалсан дээрээ жижиг дугуй тойрогтой оройвчийг мөнгө, алтаар хийж шүр сувд шигтгэн чимэглэсэн гоёл юм. Түүний залгаа үсний мөнгөн хавчаар байх хийгээд дээр өгүүлсэн үсний дэргэр хэлбэрийг хадгалах, чимэглэл зүүсгэлийн гоёмсог бүрдэл болно. Мөн дэрийлгэж наасан үсний дорх сул гэзгийг сүлжин хос дугтуйд хийх ба үүнийг үсний гэр ч гэдэг. Үсний гэрийг торго хамва, алт, мөнгө сувд шүрээр чимэглэж, үзүүрт н/ мөнгөн зүүлт унжуулна. Түүнчлэн гинжин хэлхээ бүхий олон салаатай, навч, зоос, зэрэг хээ чимэгтэй сийх ээмэг, цул алт, мөнгөн бөгж, эрдэнийн чулуун болон мөнгөн бугуйвчийн ал/ нэгийг донж маягийг тааруулан гоёно. Ташаанаас хос мөнгөн бэл бэл унжуулах н/ хэрэглээ хийгээд гоёлын шинжээ хамтатгасэн өвөрмөц сайхан гоёл болно.

Зарим нутагт аяганы улчуур хэмээд олон өнгийн торгон чимгийг уужны хоёр хажуугаас зүүнү. Мөн ёслол хүндэтгэлийн зүүсгэлд арын гуу буюу нурууны чимэг зүүлт дагалдана. Монгол эрэгтэйчүүд дээлэндээ мөнгө, сувдан товч хадаж, гаанс, танхины уут, хөөрөг, хөөрөгний даалин мөнгөн аяга, аяганы уут сэлтээ бүснээсээ зүүн гоёно. Гаансны толгойг мөнгөөр урлаж, их биеийг хаш, пийсүү, ган зэргээр хийнэ. хөөргийг мана, хаш, гартаам, оюу, усан болор, молор, мод, яс, шаазан гэх мэт үнэт зүйлээр хийдэг байжээ. Хөөрөгний толгойг голдуу шүрээр хийх ба халбагыг н/ яс, модоор хийнэ. Хамрын нунтаг тамхи н/ хатуу, зөөлөн, гаатай, энгийн зэрэг олон төрөлтэй. хөөрөгний даалинг гоёмсог торгоор хийж загвал хийцтэй хатгамал болон зээгт наамлыг урладаг байв. Монгол эрэгтэйчүүд бүснийхээ баруун талд хэт хутгаа зүүдэг. Энэхүү хэт хутгыг улаан мод, ган, яс, ар/с, мөнгө зэргээр хийдэг. Хөөрөг солилцох н/ уламжлалт мэндчилгээг илэрхийлэх маш чухал ёс заншил юм.


Website Builder